
Далд эдийн засаг гэж ярьцгаах юм. Би сайн мэдэхгүй л дээ. Ямар эдийн засагч биш. Би нэг газар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын дэвтэр дээрээ цалингаа 50 мянгаар бичүүлдэг, харин касснаас сарын цалингаа 250 мянгаар бодуулж авдаг байлаа. Тэр засагт бичүүлээгүй орлого болох 200 мянган төгрөгийг л гадна дотны дарга нар далд эдийн засаг гээд байгаа юм уу даа. Гэхдээ би сайн ойлгохгүй юм. Миний хувьд улсаас нуусан 200 мянган төгрөг маань лав далд эдийн засаг яавч биш. Харин дарга нарт мэдэгдээгүй учир тэдний хувьд далд эдийн засаг мөн байх. Тэгвэл дарга нарын ярьдаг тэр ил эдийн засаг гээч нь надад, над шиг үй олон хүнд огтхон ч ил тод бус учир тэр бол миний хувьд далд эдийн засаг яалт ч үгүй мөн.
Тэгвэл эрээнээс бараа зөөдөг наймаачид, зах дээр жижиглэн борлуулагчид, валютын ченжүүд, цалингаа нуудаг миний мэт албан хаагчид ямар эдийн засагт харъяалагдах вэ? Миний бодлоор бид бүгд жинхэнэ бодит эдийн засаг мөн.
Нарантуул дээр, Найман шарга дээр, Эрээн дээр асар том эдийн засаг хөдөлж буй. Бүх монголчуудын орлогын ихэнхийг зэс, алт, мал гурав бүрдүүлдэг гэж үзвэл түүний ихэнх зарлагыг Нарантуул, Найман шарга, Эрээнд зохицуулна. Хүмүүс өмсөх хувцас, эдлэх хэрэглэлээ захаас л авна. Бэлтэйхэн нэг нь гэр бүлийнхнийхээ өвлийн хувцсыг бэлдэхээр урагшаа замнахдаа Найман шаргаас л юаны үнийг судална. Очоод Эрээн дээр үнээ тохирно, наймаагаа хийнэ. Мөнгө байна, бараа байна, үнээ тохирлоо, наймаа хийлээ, авсан өгсөндөө өлзийтэй. Энэ газруудад дарга нарт мэдэгдэх, зарлагын падаан үйлдэх албагүй. Элдэв татвар, хүнд суртал байхгүй. Статистикийн газрын жил бүр гаргадаг зузаан товхимол хамаагүй, гадаад дотоодын зочид төлөөлөгчдийн хуралдаж хэлэлцдэг далд эдийн засгийн тухай өндөр үнэтэй семинар падлийгүй. Миний хувьд мал, зэс, алт, цалин, Нарантуул зах гэсэн сүлжээ бол жинхэнэ эдийн засаг мөн.
Тэгвэл далд эдийн засаг гэж байна уу? Байна аа. Тэр бол улсын төсөв болон статистикийн албан ёсны баримтууд биш гэж үү? Дарга нар улсын төсөв, статистикийн албан тоо баримтад хамрагдаагүй эдийн засгийг далд эдийн засаг гэж ярих дуртай. Тэр нь бодвол онолын үндэстэй л байх. Гэвч дарга нарын хаа сайгүй ярьж явах тэр “бодит жинхэнэ” эдийн засаг гээчийн огт худлаа гэдгийг бүгд мэдэхийн цаагуур мэднэ. 15 мянган төгрөгний флашийг төрийн байгууллагын албан хэрэгцээнд худалдаж авахад таван мянган төгрөг нэмээд 20 мянган төгрөг болгочихсон байдаг шүү дээ. Ихэнх зарлагын баримт ингэж үйлдэгддэг, тэгээд шат шатандаа үнийг нь нэмсхийгээд, мөнгө шилжсэн хойно нь нэмсэн хэмжээгээрээ хуваагаад авна. Статистикийн газрын түшмэлүүд ч, авлигатай тэмцэх газрын шудрага комиссарууд ч албаныхаа наймааг ингэж л явуулж байгаа. Төрд тогтсон ёс. Төрийн ажлыг явуулах жинхэнэ зарчим. Тэгэхээр жинхэнэ далд эдийн засаг гэдэг нь хуудуутай санхүүгийн баримтанд үндэслэсэн Монгол Улсын төсвийг, түүний тухай үй түмэн худал тоо баримтуудыг л хэлэхээс өөр юуг хэлэх билээ.
Яагаад ийм болов оо? Улсын далд эдийн засгийг бий болгогч яалт ч үгүй мөн нэгэн эрхэмийн зурагтаар ярихыг сонсож билээ. Тэрээр татварын албаны нэгэн эрхэм ноён байв. Хот төлөвлөлт алдагдаж, газрын үнэ тэнгэрт хадсаныг буруушаан үг хэлэхдээ, хүмүүс газрын хойноос шунахайран хөөцөлдөж, дөрвөн шон зоогоод тэрийгээ үнэ хадаан зарах болж хэмээн бурж байв. Түүнийхээр бол ядуу чадуу хүмүүс ханаа дугуйлж хашаагаа хатгах алга дарам газрын хойноос хөөцөлдөж шальдир бульдар түшмэлүүдийн ар өврийн хаалгыг чангааж явах нь шунахайдаа болсон хэрэг юм байх. Тэгээд улсаас газар өгөх шинжгүй болохоор нь түрүүлж буусан нь өмчилдөг монголын нүүдэлчдийн хэдэн мянган жилийн настай хэв хуулийн ёсоор түрүүлж буун өмчлөөд зарж байгаа нь дээрэм болж байгаа юм байх. Тэр түшмэлийнхээр бол хүмүүс газрын хойноос хөөцөлдөөд хэрэггүй, харин төр, өөрөөр хэлбэл мань эрхэм мэдэж хүмүүст хуваарилах ёстой юм байх. Гэтэл бодит амьдрал дээр газар авах гээд очиход байхгүй л гэдэг шүү дээ. Хууль ёсоор нь мөнгө төлөөд авъя аа гэсэн ч газар байдаггүй. Харин ч тэгж хэлвэл түшмэлүүд бүүр хачирхана гээч. “Энэ ямар даварчихсан амьтан бэ, газар гэдэг юмыг чинь зүгээр л улсад мөнгөө төлөөд авчихдаг юм гэж бодоо юу” гэсэн шүү харцаар жигшингүй ширтдэг гээч. Гэхдээ хотод газар байна аа. Хотын газрын зараад байна. Танилын нүүрэн дээр газар байна. Түүнийг хотын түшмэлүүд борлуулж, хотын газрыг зарав ингэв тэгэв гээд л улсад жаал зугаа юм оруулж ажил хийсэн болж байна аа. Гэхдээ худалдан авагчийн гаргасан зардлын тун өчүүхэн хэсэг нь улсын санд орно шүү дээ. Тэр чинь л далд эдийн засаг байхгүй юу. Тэгэхээр улсын төсөв чинь, түүнийг захиран зарцуулах чинь л далд эдийн засгийн хамгийн том машин болж байна шүү дээ.
Би далд эдийн засгийн тухай мэдэхгүй л дээ. Би ямар эдийн засагч биш. Гэхдээ миний эдийн засаг бол миний хувьд улсын төсвөөс илүүтэй ил тод. Миний эдийн засагт захаас авсан бараандаа үнэ нэмсэн падаан авах шаардлага байхгүй. Миний эдийн засгийн бүх тоо баримт үнэн. Би хэзээ ч орлогоосоо давуулан амьдардаггүй. Тэгэх ч боломжгүй.
Тиймээс, сэтэртэн мяндагтангууд аа, хөөрхий шоовдор бид бүхний бяцхан далд мөртлөө бүхний нүдэнд ил чөлөөт захын эдийн засгийг бүү шүүмжил. Эхнэр хүүхдээ тэжээх гээд явж байгаа захын наймаачдыг, эрэлт нийлүүлэлтийн хуулийг шүтсэн эрээний гахайчдын нүдэнд ил байгаа амьдралыг цаасан дээр далд хэмээн бүү доромжил. Чөлөөт зах зээлийг бий болгогч худалдан авагчдын нимгэхэн хэтэвчийг хууль ёсны эдийн засаг хэмээн тунхаглаж, хууль бус улсын төсвийн тоо баримтыг Нарантуул дахь зах зээлийн хуулиар зохицуул.
Орон бүхний ганзагын наймаачид мандтугай.
2009 оны 10 дугаар сар 19
Н.Алтантөгс

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: