ХОРИН ТАВНЫ БУУДАЛ


Эрчилсэн салхитай үдшээр алхсаар автобусны буудал дээр хүрч очлоо. Цэцэрлэгийн хайсыг налан сандал тавьж зэрэгцэн суусан хоёр эмгэн цаасан хайрцганд өрж тавьсан тамхи, чихэр тэргүүтэн худалдаалж, автобусанд суух хүмүүс буудал дээр зогсон хүлээж, автобусанд суухгүй хүмүүс буудлыг нэвт алхан өнгөрч байна. Дөнгөж жаргасан нарыг эзгүйчилсэн хаврын догшин салхи их хотын өлөн саарал тоос бужигнуулан үймүүлж, дэргэд зогсох охины хөнгөн хормойг дэрвэгнүүлэн ичээнэ. Бөөн бөөнөөр нүүх хар нүүлс тэнгэрээс хүмүүсийг тольдон харж, ангаж цангасан байгаль дэлхийд хураа хайрлах уу яах уу хэмээн тээнэгэлзсэн мэт хааш нүүхээ мэдэхгүй яг дээр тогтжээ.

 

Чиглэл чиглэлийн автобуснууд буудал дээр дарааллан зогсож, хүмүүсээ буулгаж, хүмүүсээ  суулгана. Зарим нь хөндий хоосон атал зарим нь пиг чихээстэй. Зүүнсалаа, 3-4-р хороолол, 25-р эмийн сан явж өнгөрч байна. Хажуугаар нь бяцхан микроавтобуснууд шурган зорчигч хулгайлж, уурссан автобусны жолооч нар чих дүлийрэм дуут дохио хангинуулан микроавтобусыг буудлаас гаргахаар шахна.

Хямдавтар албан хослол өмссөн ядуувтар албан хаагч эр алсыг харан зогсоно. Хуучин цүнх нь нимгэн, хар үсэнд нь хяруу унажээ. Түүний цаахна залуухан хос сугадалцан, бүсгүйнхээ орох гэж буй шинэ ажлын талаар үг солилцоно. Урдхан талд нь нөгөө хөнгөн хормойт даашинз өмссөн охин урд хормойгоо барьж, учиргүй яарсан байртай автобус ирэх зүгийг тас ширтэнэ. Том гар цүнх сугавчилсан бүдүүн даруухан авгай утсаар “Тийм ээ, цалингаа авсан, юу захих юм бэ, миний хүү?” хэмээн энгүүн ярина. Хөрслөг бор царайтай намхан туранхай залуу хэтэвчээ гарган цөөн хэдэн төгрөгөө тоолж байна. Анхны цалин нь байж тун магадгүй. Халамцуухан нэгэн бүсгүй эсрэг талын буудал руу хэн нэгнийг эрж хайх мэт ширтэж байна. Харин би энэ бүхнийг сонирхон ажна.

Өнөөдөр 25-ны өдөр. Цалин буужээ. Цалингаа авч баярласан албан хаагч залуу, цалингаа авч баярласан нарийн бичиг хүүхэн, цалингаа авч баярласан хөлсний ажилчин, цалингаа авч баярласан багш. Тэд автобусанд суухаар буудлыг зорихдоо цалин хэмээх хэдхэн цаасныхаа нэгийг бутархай зуутуудаар солиулан бэлдэж ирнэ. Тэр бутархай зуутуудаа халаасандаа бэлтгэж, харин хэтэвчээ далдын далд хийнэ. Ар гэртээ аваачиж амь зуулгаа тордох болно. Тэдэн дунд цалингаа авч уусан гар зогсоно. Хүүхэддээ шөл хийж өгөх хэдэн бор юмнаасаа хулгайлж, хүнтэй хатуу идээ хуваан зооглоод, одоо үлдсэн жаал юмаа авгайдаа аваачиж тушаах болно. Үлдээгээд аваачиж байгаа нь бас яамай даа ч гэмээр. Гэхдээ л эрүүл согтуугүй өнөөдөр баясгалантай. Хүүхэдтэйгээ дэлгүүр орохдоо ийм тийм юм авна гэхэд нь зовнин бушуухан чирээд гарахын түүс болдог бол зөвхөн өнөөдөр л мянган төгрөгний шоколат, мянга зургаан зуугийн гаазтай том ундаа авч өгнө. Тиймээс бүгд баясгалантай. Байрны мөнгөө төлөхгүй бол тогийг чинь таслана гэсэн заналт мэдэгдэх хуудсыг банкинд барьж очоод, мөнгөө хээв нэг төлчихөөд, омог бардам гэр лүүгээ алхах сайхан. Тиймээс бүгд баясгалантай. Хашаандаа хэдэн шуудай түлээ буулгаж, гал алдахын гачлангүй болно. Хоёр гурав хоногтоо ямартаа ч хүнээс тав арван мянган төгрөг асууж царай улалзуулахгүй. Тийм ээ, автобусны буудал дээр зогсоо ажилтай хүмүүс баясгалантай.

Баяр баясгалангаа чимээгүйхэн, өөрсдөө ч үл анзааран хуваалцаж буй хүмүүс энэ буудлаас өөр өөр чиглэлд салан одно. Энэ буудал дээр тэд ахин дахин хоорондоо тааралдана, гэхдээ хэн ч нэгнээ үл танина. Тэд нэгнийгээ харах гэж биш, хаа нэг тийш явах гэж энд ирнэ. Тэд нэгнийгээ биш, автобусыг л танина. Цалин угаасаа гурав хоногт л дуусна. Тэгэхэд өдөр тутмын амьдрал мөн л үргэлжилж, буудал дээр үдэш бүр бахь байдгаараа цугларна. Элдвээр гачигдсан ч, эдээр хангалуун ч энд л ирж, амьдралынхаа нэгээхэн мөчийг бусадтай өөрөө үл мэдэн хуваалцана.

Хүмүүс бууж, сууж, автобус ирж, явж, их хотын амьдрал эгэл жирийнээр урсан өнгөрнө. Өглөө буудлаас тарж, үдэш буудал дээр цугларна, эгэл жирийн хүмүүсийн амьдрал энгийн. Энгийнээс энгийн. Автобус нь энгийн, буудал нь энгийн, зорчих хөдөлгөөн нь энгийн. Цалин нь ч бас энгийн. Энгийн энгийндээ гурав хоногийн энгийн.

Харин түүхийг бүтээдэг энгийн хүмүүсийн буудал дээр өнгөрүүлдэг бяцхан амьдралыг ОРДОНД БАЙДАГ ТӨР олж харахгүй. Энэ буудал Сүхбаатарын талбайн урд талд бий. Энэ буудал Баруун дөрвөн замд бас бий. Энэ буудал их хотын хаа сайгүй бий. Энэ буудал ард түмний сэтгэл зүрхэнд бий. Энэ буудал бол амь зуулгын төлөөх асар хүндтэй тэмцлийн нэгэн буудал билээ.

2009 оны 6 дугаар сар 23

Н.Алтантөгс

 

Сэтгэгдэлүүд:

1. xarizmatika | 2009-06-23 16:49:46
Зочилсонд баярлалаа. Сэтгэгдлээ хуваалцана уу.
2. Б.Цэцэнсод | 2009-06-24 18:15:46
SETGEL HUDULLUU... SAIHAN BICHSEN BNA SHUU ANDAA
3. Agai | 2009-06-24 18:21:00
мундаг байна шүү
4. xarizmatika | 2009-06-25 09:28:26
Баярлалаа.
5. Agai | 2009-06-25 12:52:48
ene dur zurag shuud nudend buuj baina gedeg chin uneheer mundag
6. fabio (зочин) | 2009-06-25 13:11:22
umshiv, bayarlav. amjilt
7. ollie | 2009-06-25 15:29:30
жирийн л нэг өдрийг гоё бичжээ ..,
8. xarizmatika | 2009-06-26 12:07:44
Бидний амьдрал шүү дээ.
9. Арима | 2009-07-02 16:08:26
unshiv.
10. Lunaz | 2009-08-11 11:37:03
За хуучны танил Төгсөөгийн блогоор ороод баясаад гарлаа, сайхан бичиж байнаа, Миланы фээн ч сайн бичиж байна шүү
11. xarizmatika | 2009-08-11 11:52:56
Юу байна даа хуучны танил бүсгүй.
12. Tsendee (зочин) | 2009-08-21 05:10:04
Buudalgvi hotod amidardag bi tegwel hen yuim be. Heleed og nadad Togsoo mine.
13. xarizmatika | 2009-08-21 05:36:12
Хахаха. Дандаа таксинд суудаг тансаг гар байх өө.
14. Hilde | 2009-08-21 05:45:06
tiim dee engiin humuusiin engiin amidral gej ene ... saihan bichij
15. Фрейд (зочин) | 2009-10-09 17:32:38
WOW, Excellent.
16. kafka (зочин) | 2009-10-11 21:05:04
mundag bn shuu nzaa amjilt husey
17. xarizmatika | 2009-10-12 16:31:41
Зочилж сэтгэгдлээ үлдээсэнд баярлалаа.
18. jokerboy (зочин) | 2009-10-19 17:16:44
Laitai. Yum bichikhed zaaval uran tsetsen baikh albagui. Zuvkhun humuusiin setgeld l hurch chadval bolno. Chi busdiin dotroo bodoj yavdag bidnii nuden deer bolj baigaa amidraliig bichjee. Enguun hernee uneheer setgel hodolgolson baina.
19. muugii (зочин) | 2009-10-19 17:21:23
uhsen yanhanii urchiij hatsan utree buyu boovnii aris buunduj avnaa.museid tavih zoriulaltaar.muugii7333@yahoo.com yaraltai holbogd.amidaar ni uvchij avsan bol bur sain
20. xarizmatika | 2009-10-19 17:27:52
Зочилсонд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.