БУХИМДАЛ


Хэзээ нэгэн цагт хүн байтугай түүний гар нь, нүд нь, ямар нэг жижиг эд эс нь хүртэл бухимдах үе байдаг. Ялангуяа хайрлаж явдаг дотны хүн рүүгээ уурсан хашгирч, гунин бэтгэрч, цугтаа байгаа мөртлөө хол сэтгэлийн үүлэрхэг тэнгэрийн хаяанаас нэгэн рүүгээ гунигт харц хааяа нэг шидэлчихээд, эргэж ч харалгүй хаалга саван гарах цаг бий. Энэ үед тасалгааны гэрэл бүүдгэрч, цонхны цаана хүмүүс арай удаан алхалж, ханан дээгүүр мөлхөх жоом согто унах нь бий. Энэ үед сэтгэл гэгч нь автобусанд суугаад холын хол дайжин одож, итгэл гэгч нь амиа золиослогч хэдэн үгний дэлбэрэлтэнд өртөн амь үрэгдэж, бие цогцос нь хазаар жолоогүй уур хилэн хэмээх аргамаг догшин хүлэгт мордоод хэрүүл гэдэг хурц илд эргүүлэн хуйлруулан довтолж, надтай хэн тэмцэлдэн алалдах вэ хэмээн хавьтсан ойртсон бүрийг тас хяргахаар тэмүүлэх нь бий.

 

Тэгж байтал гэнэт хаалга тогших нь бий. Уйтгар гуниг гуай хөвөлзөн айлчлан орж ирж, түм буман үр утаа униараа хөшиглүүлэн тамхины утаатай сүлэлдэн нийлж, уур хилэн хэмээх аргамаг догшин хүлэг морийг номхруулан тогтооно. Уйтгар гуниг гуай яг л ээж шиг минь толгойг минь илж, зүрхний булигааг зөөлрүүлж, бодлын эрчийг сулруулж, гарт минь тамхи бариулах нь догшин хөгжмийн сүрт сүлэлдээн гэсэн үг ээ.

Уйтгар гуниг гуай надад хөгжим асааж өгөв. Napalm Death-ийн нягтруулсан металл дуу явна. Дөнгөж унтраасан тамхи үнсний саванд амь тавин тийчлэхэд жаргаж буй нар, мандаж буй сар, дөнгөж асаасан өрөөний гэрэл бүгд үхлийн аймшигт аялгуунд бүрхэгдэн замхарч, сүүмийсэн нүд тамхи гөлрөн суух үе бий.

Тэгж байтал гэнэт Бухимдал гуай онгорхой салхивчаар дүүлэн орж ирнэ. “Аа, чи энд байна уу?” хэмээн нэгэнтээ бувтнаад занал хорсол дүүрсэн харцаар ширтэж, өчүүхэн умгар тасалгааны ханаар нэг нялагдталаа бутран дэлбэрнэ. Зурагтын удирдлага, толь, тааз, гэрлийн туяанд ч очиж наалдана. Хайрлаж дурладаг номнууд, ганц өмч болох компьютер, түүгээр зогсохгүй сандалны хөлний уланд ч хүрч чадна.

Хачин заваан болчихсон гэр орноо уур хилэн, уйтгар гуниг, бухимдал дүүрсэн харцаараа тойруулан нэг хараад хаа сайгүй наалдан арваганалдах бухимдал гуайг, хажууд хөгжим асаан долигонох уйтгар гуниг гуайг, хар морьт уур хилэн гуайг барьж авахаар өрөөндөө тойрон хөөцөлдөж, бүх хогийг түүж, ундуй сундуй тоглоомнуудыг хурааж, тоос соруулж, хөнжил гудсаа хурааж, аяга тавгаа угаана.

Цэвэр цэмцгэр болсон гэртээ хайртыгаа хүлээнэ. Тэр орж ирнэ, би тэврэнэ, тэр уйлна, би инээмсэглэнэ, энэ үед учиргүй аймхай Ухаарал хатагтай хаалга тогшин орж ирнэ. Ухаарал хатагтай бидний дунд орж, бидний үгсийг давтан долигонож, тэгээд хүү Гэмшилээ дуудаад умгар өрөөнд минь саатан морилж, цай ууж, зурагт үзнэ. Ор засч өгч, хүүхдүүдийг аргадна.

Уур хилэн, Уйтгар гуниг, Бухимдал нар хогийн саванд хэвтэнэ. Ухаарал, Гэмшил, хайр, бид дөрөв орон дээр хэвтэнэ.

Хүн хааяа нэг бухимдах нь бий. Хүн байтугай түүний гар нь, нүд нь, ямар нэг жижиг эд эс нь хүртэл бухимдах үе бий. Гэвч, зүрх хэзээ ч үл бухимдана. Уур хилэн морио унаад сэлмээ эргүүлж байхад ч, хүний зүрх түүнд ядран дэлсэнэ үү гэхээс, уурлан бухимдаж үл дэлсэх бөлгөө. Байгалиас бидэнд уур хилэнг бус, баяр баясгаланг зүрхэнд минь заяасан билээ. Зүрх хэзээ ч үл уурлана, үл үзэн ядна, тиймээс бид сэтгэлээ биш, бухимдлаа биш, хайраа биш, харин зүрхээ сонсох ёстой.

 

Сэтгэгдэлүүд:

1. Ууудам | 2009-06-15 11:26:33
Гоё.
2. Style_s | 2009-06-20 20:56:44
hi nzaa unen ug ban zurhee sonsoh
3. ЗОРИГТ8 | 2009-06-20 21:03:26
аймаар бичиж...би зүрхэндээл хайртай
4. xarizmatika | 2009-06-23 10:03:56
Аймаар уу хэхэ.
5. ollie | 2009-06-25 15:37:17
ёстой гоё бичиж. ойрд иймэрхүү сэтгэлд хүрсэн үргэлжилсэн юм уншаагүйн байна.
6. nisnisnis | 2009-08-18 10:35:48
tugsuu chi sak shvv
nis nis nis

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.