
Өчигдөр орой Элбэгдорж, Энхбаяр хоёрын халз мэтгэлцээн болж өнгөрлөө. Юуны өмнө, энэ жилийн сонгууль урд өмнөхөөс хамаагүй өндөр төвшинд, сурталчилгааны сайтар бодож төлөвлөсөн ажиллагаатай явагдаж байна. Түүхэнд үлдэх сонирхолтой сонгуулийн кампанит ажил болж өндөрлөж байна аа.
Хоёр нэр дэвшигчийн мэтгэлцээнийг сонсож суухдаа би улс төрийн үнэлэмжийн системийнх нь ялгааг олж харахыг хичээв. Аливаа улс төрч хүн өөрийн гэсэн улс төрийн үнэт зүйл, үнэлэмжийн чиг баримжаатай байдаг бөгөөд улс төрийн үйл ажиллагаа, алхам бүрдээ түүнийгээ даган мөрдөж байх ёстой. Миний хувьд хоёр нэр дэвшигч улс төрийн үнэт зүйлсийн системээ томъёолсон. Өөрсдийнх нь үгийг бичвэл:
Элбэгдорж: "Шудрага ёс оршин тогтнож байж эв нэгдэл бэхжинэ"
Энхбаяр: "Эв нэгдэл гэдэг бол шудрага ёсыг багтаасан ойлголт юм"
Энэ хоёр үгийг тус бүрд нь улс төрийн үнэт зүйлстэй холбож үзэе.
"Шудрага ёс оршин тогтнож байж эв нэгдэл бэхжинэ". Аливаа эв нэгдэл гэдэг бол зөвхөн эрх тэгш хүмүүсийн зөрчилдөх, өрсөлдөх, хамтран ажиллах, хамтран тэмцэх гэх мэт үй олон харилцааны зөвхөн нэг илрэл бөгөөд шудрага ёс үгүй бол хүмүүс эрх тэгш байж чадахгүй, ийм үед эв нэгдэл нь зөвхөн эцэг хүүгийн, ах дүүгийн нэгнээ хайрласан гэр бүлийн эв нэгдэл байж чадахаас бүхэл бүтэн нийгмийн хувьд дарлагдсан үй олонх нь дарлагч асар цөөнхтэйгээ хүлцэнгүй дорой харилцах явдал болон хувирна. Зөвхөн шудрага ёс тогтоож, хүмүүсийн хооронд эрх тэгш харилцаа ноёлж байж хүмүүс ямар удирдагчтай байхаас үл хамааран өөрөө өөрийгөө авч явж, амьдрал ахуйгаа залгуулж амьдрана. Баялгаа өөрсдөө бүтээж, тэр баялгаас татвар төлснөөр төрөөр тэжээлгэгч биш, төрийг тэжээгч хүчирхэг баян иргэд болон өндийн босно.
"Эв нэгдэл гэдэг бол шудрага ёсыг багтаасан ойлголт юм". Аливаа эв нэгдэл гэдэг бол шудрага ёсноос илүү эрхэм ойлголт юм. Шудрага ёс нь хүмүүсийн эрх тэгш харилцааг төрүүлдэг бөгөөд хүмүүс хоорондоо эрх тэгш харилцах нь маргаан мэтгэлцээн үүсгэж, асуудлыг шийдвэрлэхэд ихээхэн цаг хугацаа орох болдог. Иймээс бид нэгдэж нягтарч шууд урагшаа тэмүүлэх ёстой. Энэ бол улс төрийн нэгэн төрлийн үнэт зүйл, үнэлэмжийн систем мөн. Улс төрийн энэ үнэт зүйл, үнэлэмжийн системийн дагуу бол хүний эрхийг зөрчих нь зайлшгүй ба эв нэгдэлтэй улс оронд ерөнхийлөгч нь эцгийн үүргийг, ард түмэн нь хүүхдийн үүргийг гүйцэтгэж, эв нэгдэлтэй гэр бүлд эцэг нь хүүгээ буруу хэрэг хийвэл шийтгэх нь шудрага ёсонд тооцогддогийн адил эв нэгдэлтэй улс оронд байшин шатааж эцэг-ерөнхийлөгчийнхөө эсрэг боссон ард иргэдээ ерөнхийлөгч нь хатуу ширүүн залхаан цээрлүүлэх ёстой. Баялгийг зөвхөн удирдагч хуваарилах, ингэхдээ түргэн шуурхай ажиллаж хуваарилах ёстой, энэ хуваарилалтыг хэрхэн хийх талаар ямар нэгэн маргаан мэтгэлцээн өрнүүлэх нь цаг алдсан хэрэг болж, улс орны эсрэг хийсэн гэмт хэрэг болон хувирна. Хуваарилалтыг шүүмжлэх ёсгүй бөгөөд учир нь ерөнхийлөгч сайн удирдагч учраас л ард түмэндээ "баялгаа" хуваарилж буй ба уул шугандаа энэ үнэт зүйлийн дагуу бол удирдагч хүн ард түмэндээ баялаг хуваарилахгүй байсан ч болно.
Би өөрсдийнх нь үгийг ямар нэгэн байдлаар гуйвуулсангүй, түүхэнд үй олноороо оршин байсан, өнөө ч оршин байсаар буй, мөн л үй олон удаа судлагдаж тодорхой болсон улс төрийн хоёр төрлийн итгэл үнэмшил, хоёр өөр үнэт зүйлийн системийг хоёр нэр дэвшигч маань баримталж буйг тодорхой ялган харуулахыг хичээв.
Францын аугаа их хөрөнгөтний хувьсгалын уриа нь "Шудрага ёс, эв нэгдэл, ах дүүгийн ёс" гэж байсныг соёлт ертөнц өнөөг хүртэл үүргээ гүйцэтгэж чадсан хамгийн агуу түүхэн уриа гэж үздэг, гэхдээ, өрнийн ертөнцөд эв нэгдэл бус шудрага ёс улс төрийн үнэт зүйл, үнэлэмжийн системд хүндтэй байр суурь эзэлдэг юм. Харин дорно дахины шинжтэй манай монгол оронд улс төрийн аль итгэл үнэмшил нь илүүтэй тохирохыг сонгогч та бид л шийдвэрлэх ёстой.
Өөрдсөө мэдэж жаргах уу
Өрөөлөөр мэдүүлж жаргах уу?
Таны бодлоор аль нь дээр вэ?

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: