Хэзээ шинэлэх вэ?

 

 

Си-1 телевизээр монголын цорын ганц үзмэрч өвгөн Дашцэрэн, цорын ганц үнэн түүхч-анх-энхийн гүн ухааныг нээгч агуу суут Нагаанбуу, тэдний үнэнч найзууд сууцгааж, монголын ард түмний тэнгэр шүтлэгт наян хувийг төлөөлж байгаагаа зарлаж байна.

Эмээ: За тээр, тануус дуулав уу, айн. Биднийг бодвол энэ зурагтаар ярьж байгаа Дашцэрэн зурхайч чинь олон ном уншсан хүн гэдгээ өөрөө хэлж байна шүү дээ. Тэр лам нар бол шар хувалз л гэсэн үг.http://blog.banjig.net/includes/lib/tinymce/plugins/pagebreak/img/trans.gif

Зурагтаар зурхайч Дашцэрэн: Монголчууд бид чинь Төвдүүдтэй зэрэг шинэлж болдоггүй юм, харин хятадуудтай зэрэг шинэлж бол болно.

Эмээ: За энэ чинь одоо юугаа донгосоод унав  аа, юун хятадууд. Уг нь монголчууд бид чинь хятад гэхээсээ илүү төвд энэтхэг гэдэг л улс даа, энэ хөвүүн үг хальтрав бололтойдог.

Зурагтаар зурхайч Дашцэрэн: Би бол лам та нарын наад худлаа тэнэг номнуудыг чинь бүгдийг нь уншсан, та нар бол ард түмнийг мунхруулагчид л байхгүй юу. Лам нар бол номоо л бичицгээ. Зурхайн ухааныг та нар хийх ёсгүй л байхгүй юу. Муусайн тэнэгүүд.

Эмээ: Ээ базарваань, энэ нэг юм чинь юугаа яриад унав аа?

Өвөө: дуугай суусаар...

Аав: Миний хүү, сувгаа солиотох оо?

Хүү: Удирдлагаа олдоггүй ээ, зурагтны товчлуураар удирдаад байхаар товчлуур нь амархан чадхийчихдэг юм гэсэн. Тэгээд ч цагаан сарын тухай гарч байна. Энэ цагаан сарын тухай мэдэхгүй хөгшчүүд жаахан юм мэдэж аваг.

Эмээ: Энэ нэг юмны хэл амыг ээ. Миний ач хүү гээд байгаа. Одоо байтлаа өвөө эмээгээ урдаас нь харж байгаад муулж зогсдог болоо юу.

Аав: За хөгшчүүд та нар залуу хүмүүсийг ингэж...

Өвөө: Та нарыг төрүүлж өсгөхдөө та нараар заалгаагүй юм. Тэрнийхээ хариуд та нараар заалгалгүй цагаан сараа тэмдэглэхээ мэднэ ээ хө.

Хүү: Өвөө эмээ нар ингэж ярихаараа л буруутдаг юм. Би тэр цагаан сарын чинь тухай хуучны ном судар харсан. Бид цагаан сарыг маш буруу тэмдэглэж байгаа.

Эмээ: Буруудаа яачихсан юм бэ, айн? Буруудаа яачихсан юм бэ?

Хүү: Та наадахаа үз дээ. Хэхэ.

Эмээ: Энэ лам нар чинь ийм их ном уншсан Дашцэрэн зурхайчтай ингэж харьцаж болохгүй байхгүй юу. Мэдэхгүй бол дуугай л байх хэрэгтэй шүү дээ.

Аав: Ээж ээ, гадуур талхны үнэ хэд болчихоод байгааг мэдэж байна уу?

Эмээ: За тэр яах вээ талхны үнэ нэмэгдэж л байг, улс эх орныхоо төлөө цагаан сараа л сайхан тэмдэглэчихмээр байна.

Өвөө: Зөв дөө зөв. Хэдий хөгширсөн ч миний муу эмгэн чинь ийм л эх оронч, ухаантай эмгэн юм шүү дээ. Үгүй энэ залуучууд уу, дандаа л талхны мөнгө, амьдрал ахуй гэх, ганц удаа эх орны төлөө гэж бодож санахгүй явах юм. Яаж нэг аятайхан амьдарцгаана даа та нар.

Хүү: Та хоёр болиоч. Та нараас л дээр амьдарч байна. Та нар над шиг байхдаа яаж байсан юм бэ? Оросуудын хэдэн тэрбум доллараар насаараа угжуулж өсчихөөд, сурахдаа оросуудын өгсөн мөнгөөр засгаас стипент болгож аваад, төгсөхдөө ажил хайхын зовлонгүй томилолт өвөртөлчихөөд, ажлаа хийхдээ байранд санаа зоволгүй улсаар хангуулчихаад, одоо тэгээд биднийг байраа барьцаалж сургалтын төлбөр хийж, талханд бүтэн өдөржингөө дараалалд зогсож байхад та нар талханд ганц явж үзээ юу? Хөгшингөөрөө түрий бариад тэтгэврийн хэдээ орцны үүдэнд хөгшчүүдтэй зуу татаж мөрийтэй даалуу тоглоход зориулчихаад хүүхдийг маань харж өгөхдөө надаас бас цалин авах гэж шаарддаг биз дээ? Аавынхаа хажуу өрөөнд эхнэр хүүхдээ авчрахад маань залуу гэр бүлийн амьдралд яаж оролцож байлаа? Салж сарнингаа л тулж байлаа. Арай гэж нэг юм зээлийн байранд нүүж орсноос хойш, та нараас салснаас хойш ямар сайхан амьдарч байна, эхнэр хүү бид гурав. Тэгэхэд та нар сард нэг удаа очиж хүүхэд харж өгөхдөө байр чинь муу байна, хүйтэн байна, аятайхан байшин авч чадсангүй, мөнгө төгрөгөө яачихдаг юм бэ чи гэж загнаж сургана уу л гэхээс биш ганц удаа энэ байр чинь миний ач хүүгийн хүч хөдөлмөрөөрөө олж авч байгаа байр шүү дээ гэж бодож санаж үзсэн үү? Хэнээс ч тусламж авалгүй бор зүрхээрээ хөдөлмөрлөж, өдрийн арван хоёр цаг ажил дээрээ ажиллаж байж би энэ амьдралаа босгож явахад та нар эцэст нь намайг эх оронч бишээр нь дуудаж доромжилж байна. Гэтэл улсаас мөнгө авч амьдарчихаад, үхэхдээ хүртэл зүгээр үхэж чадахгүй улсаас тэтгэвэр авч, дээрээс нь улс орныг авч яваа мань мэтийн залуусыг дуугайгаар нь далимдуулж хар амиа хичээгч, өчүүхэн бэртэгчин болгож харагдуулж, өөрсдөө түүхийг бүтээсэн баатар болж, бусад нь бол хэн ч биш байх ёстой гэж ярих юм. Надад улс эх орноо гэсэн сэтгэл бол байдаг. Гэхдээ би л сайхан амьдарч байвал улс эх орон маань ч хөгжинө гэж бодож, юуны өмнө өөрийн амьдралаа хичээдэг. Хөгшчүүд та нар одоо болимоор юм. Жаахан уужуу дотортой, ухаж боддог болмоор юм.

Эмээ: Чи битгий донгос. Хөгшин хонины насгүй болсон хүмүүсийг чи үхээд өгөөсэй гэж байгаа юм уу? Тэгвэл би үхээд өгье мэдүү. Цагаан сараас өмнө явчихсан байна өө за юу. Миний үг чиний орой руу чинь орох цаг ирнэ ээ гайгүй. Тэр үед чи муу эмээгээ арай ч жаргааж чадсангүй дээ гээд уйлах бий вий.

Өвөө: Тулгаа, чи энэ хүүгээ хар. Авгайдаа толгойгоо мэдүүлчихээд, өглөө босоод ганц цай чанаад өгчихдөггүй авгайд нь хэдэн үг хэлсний төлөө ингэж хүн рүү дайрч давшилж байгааг нь хараач. Энэ хүүдээ юу хэлж яаж хүмүүжүүлсэн хүн бэ чи?

Аав: Аав минь, миний хүү анх картын бараанд оочерлож байхдаа л хүн болчихсон байсан. Хатуу хүтүүг үзээд хүн буруудахгүй л байх. Би хүүгээ хүнд ядуу амьдралаар амьдруулсан учраас одоо хүний үгнээс аль болох л хамгаалахыг бодох нь зөв байх шүү. Гэхдээ  миний хүү сая хамаагүй ярьчихлаа. Ингэж болдоггүй юм.

Хүү: За за би ч харья даа /Хүүгээ хувцаслахаар явав/

Өвөө, эмээ хоёр зэрэг: Одоо ч цаг цөвүүн болж, Тэрбиш, Нагаанбуу хоёроос өөр үнэн үг хэлдэг хүнгүй болж дээ гэлцэв.

 

Сэтгэгдэлүүд:

1. Boze | 2009-04-20 12:52:46
Яг л ингэж ярицгаадаг ш дээ. Энэ эцэг эхчүүд. Хүүгийн үг ч үнэний ортой л юм.
2. Boze | 2009-04-20 12:53:09
Сайхан бичлэг болжээ.
3. lover_girl | 2009-05-14 16:28:07
4. ankhaa (зочин) | 2009-10-12 16:59:35
хахаха. сайхан болжээ. нээрээ л үнэн шүү

Сэтгэгдэл үлдээх:

Таны нэр:
И-мэйл:
нийтэд харагдахгүй
Вэб:
оруулах албагүй
Сэтгэгдэл:
Дуурайлган
бич
CAPTCHA Image Дуут хувилбар
Reload Image

Энэ нь спамаас хамгаалах нэг хэлбэр болно. Нэвтэрсэн үедээ сэтгэгдэл бичихэд энэ гарахгүй.