
Цөм болон түүнийг тойрон асар хурдтай эргэлдэгч электронуудаас бүрдэх бидний ертөнц мөн л бүх ертөнцийн таталцлын хуулийн дагуу од болон түүнийг тойрон асар хурдтай эргэлдэгч гаригуудаас бүрдэх бөгөөд хэрвээ бүх ертөнцийн таталцлын хуулийг физикийн шинжлэх ухаан санаанд багтамгүй өндөр төвшинд задлан шинжилж, зөвхөн манай нарны аймаг төдийгүй, зөвхөн манай галактик төдийгүй, зөвхөн дуран авайд өртөх бусад сая сая галактик төдийгүй, бидний төсөөлөл ч хүрч үл чадах тийм холыг төдийгүй, бүх ертөнцийн татацлалын хууль хүрч үл чадах тийм холыг ч хүртэл тооцоолон бодож бүх галактикуудын байрлалын гурван хэмжээст зургийг гаргаж түүнийгээ асар холоос өргөн өнцгөөр харвал ямар дүрс харагдах бол? Бид бүхэн хязгааргүйн цаана, сэтгэж үл чадах огторгуйн алсын алсад буй галактикуудыг нэгтгэн тооцоолж, бидний ширээн дээр байдаг нэг аяганд агуулагдах атомуудтай тэнцүү хэмжээний од гариг, галактикуудыг тооцоолон үүсгэх дүрсийг нь ажиглавал юу байх бол? Галактикуудын эргэлдэн хуйлрах шинж байдлаас үзэхэд бид хуйлран эргэлдэх асар том хийг бүрдүүлэгч эгэл хэсэг болов уу? Эсвэл бидний мэт оюун ухаан үүссэнийг бодвол сая сая, тэрбум тэрбум галактикууд маань төсөөлшгүй аврага нэг эст оюун ухаант биетийн эсэд агуулагдсан удамшлын гений хромсом болж харагдах уу? Бясалгалын төлөвт байх тэр оюун ухаант аваргын зөвхөн ганцхан эгшин болж өнгөрч байхад л манай дэлхий тэнхлэгээ математикийн тоо дуусах удаа эргэж, дэлхий нарыг мөн сэтгэшгүй олон удаа тойрч, энэ хугацаанд ухамсарт оюун ухаан сая түмэн удаа үүсч бас устаж, галактикууд хөрвөн ээлж дарааллан задарч, нэгдэж, аварга бодисын цорын ганц үйлдлийг нөхцөлдүүлсэн сая сая шалтгаан болж, түүний учрыг олохоор аварга ухамсар өөрийн оршин байх хугацааны турш дуран авайгаар түүний хувьд атом гэж хэлж болох өчүүхэн биднийг ажиглан ширтэхээр оролдон зогсоо ч юм бил үү?
Хэрвээ тийм бол, мөнөөхөн аврага биет болоод түүний эгэл хэсэг болох хүн бид адилхан ухамсарт биетийн хувиар нүүр тулан уулзалдах буюу хэл мэдээ солилцох боломж бий болов уу? “Хөөе аврага биет минь, бид бол чиний биений генийн нэг хэсэгт орших галактикийн бөөгнөрлийн Сүүн зам хэмээн бидний нэрлэдэг галактикийн Нарны аймгийн Дэлхий гэдэг гаригт буй Хүн гэгч байна аа. Бид чиний тухай, чиний орших аврага том ертөнцийн тухай сонирхон мэдэхийг ихэд хүснэм” гэсэн үг хэлэхийн тулд бид цаг хугацааны хэтэрсэн зөрүүг яаж даван туулах билээ?
Хэрвээ бид нэгэн хуулинд захирагддаг гэдгийг хүлээн зөвшөөрвөл, хэрвээ тэр аврага ертөнцөд бүх ертөнцийн таталцлын хууль хүчин төгөлдөр үйлчилдэг гэдгийг баттай гэж бодвол, аварга ертөнц болон манай ертөнц хоёр адилхан нэгэн хуулийн хүрээнд байгаагийн хувьд хэзээ нэгэн цагт ухамсарт мэдээ хоорондоо солилцох боломж бүрдэх болов уу? Хэрхэн, яаж?
Яг бидний нэгэн адил ухамсарт эгэл хэсэг хүн бидний гар, хөлний аль нэгэн эсийн молекулыг бүрдүүлэгч химийн элементийн аль нэгэн атомын цөмийг тойрон эргэлдэгч электронуудын нэгэн дээр химийн хэт бичил хэмжээний, өөрийн гэсэн хууль зүй тогтол бүхий ухамсарт биет оршиж, тэгээд бид элдэв хорт юм ууж биеэ хордуулж генээ өөрчлөхдөө тэдний огторгуй ертөнцийг хямруулан устгаж байгаа ч юм бил үү? Тэд бидэн рүү хандан “Биднийг бүү сөнөөгөөч” хэмээн хашгирахдаа, тэр гамшигт хашгираан нь бидэнд хэзээ ч хүрэхгүйг ухамсарлаж байгаа ч байж болох биш үү?
Ухамсар гээч нь тоолшгүй жилийн турш оршсоныхоо төгсгөлд гагцхүү уртаас урт цаг хугацаанд, өчүүхнээс өчүүхэн эгшинд л шилжин байршсаар ирсэн бус уу? Юун хэмээвээс, ухамсар хэмээвч биднийх бус, энэхүү орчлон ертөнцийнх биш үү? Бид орчлон ертөнцийг элдвээр нэрийдэн явавч угтаан ухаант огторгуй өөрийгөө биднээр тийн хэлүүлж буй ажгуу. Бид бол эгэл хэсэг, бид эгэл хэсгээрээ л дуусна, харин ухамсрыг бол өөр гариг ертөнцөд ч, аврага ертөнцөд ч, эгэл хэсэгт ч сэтгэшгүй агуу тооцоолж болох манай, мэдэшгүй өчүүхэн энэ гурван ертөнц өөр өөрийн хувьдаа заавал байлгах учиртай биш үү?
Эртнээс нааш хүмүүн бид диваажин, хүний ертөнц, там гэж гурван ертөнцийг мэддэг байсан, хэт урт цаг хугацааг бид диваажин гэж, хэт богино цаг хугацааг бид там гэж нэрлэж ирсэн ч юм уу? Өөрийн өчүүхэн биеийн хэмжээнд сэтгэж, өөрийн амиа бодон бусдыг хорлон сүйтгэгч хүнийг тамд хүрнэ хэмээн номлосон сэтгэгчид ямар агуу ухаантай вэ? Учир нь хүн өчүүхэн байх тусам хүний орон зай өчүүхэн болж, түүний ухамсар электрон, протон лугаа харилцахад дөхөх ажгуу. Үүний эсрэг, өөрийн хувийн ашгаа бодолгүй нийтийн сайн сайхны төлөө, бусдад тусалж буйн үйлдэхийн төлөө бие сэтгэлээ зориулагсад хэт урт цаг хугацааны ертөнцөд өчүүхэн ч гэсэн дөхсөн учраас диваажинд очих лугаа адил ажгуу. Гагцхүү, энэ ертөнцөд мөнхөд амьдрана гэдэг боломжгүй зүйл ажээ.
Эдгээр асуултыг цөм болон түүнийг тойрон асар хурдтай эргэлдэгч электронуудаас бүрдэх аврага том биет ухамсар, эсвэл аврага том нэгэн ертөнцийн үл харагдах бичил биет ухамсар бичиж тэмдэглэв.
Улаанбаатар хот
2009 оны 3 дугаар сарын 22

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: