
Сүүгэн хурдлах халтуурын машины урд суудалд бүүвэйлэгдэн зүүрмэглэсээр хоёр цаг яах ийхийн зуургүй өнгөрч, Улаанбаатараас хөдлөхөд орж эхэлсэн хавар цагийн шиврээ бороо сэтгэл угаах мэт цонхон дээгүүр бөнжигнөн урсаж дуусаад, бороо зогсож, алсын бараа тодроход төрөлх хотын бараа үзэгдлээ. Чийг ханхалсан агаарыг хөнгөн тэрэгний огцом хурдаар зүсэн дүүлсээр хүний амьдрал буцалсан бяцхан хот руу явж оров. Энэ л хотод би анх төрж, анх хөтөвчинд сууж, анх өвдөж, энэ л хотод би ангийнхаа хүүхэдтэй анх нудрага зөрүүлж, хичээлдээ онц дүн авч, бас шалгалтаар хуулж, зөвхөн энэ хотод л би охинд дурлаж, хаягдаж, архи ууж үзэж билээ. Энэ хоттой би түмэн учир шалтгаанаар салшгүй холбоотой. Байшин бүр нь, гудамж бүр нь, сандал бүр нь надад түүх өгүүлдэг учиртай.
Хаврын модод гөлөглөн ичингүйрч, дөнгөж зогссон шиврээ борооноос тогтсон шалбааган дээгүүр хүүхдүүд цовхчин гүйлдэж, замын хажуугаар алхах хүмүүс машин явахад үсрэх шалбаагны уснаас зайлан шуугилдаж, удахгүй үүл арилж гэрэлт наран гарахыг бүгд мэдэж байгаа нь илт ээ.
Маргааш буцах тул гэртээ жаал зугаа юм амжуулж, зурагт үзэхээр хэвттэл тамхи татмаар санагдаад ер болдоггүй, гэтэл би тамхиа дуусгачихсан, тэгээд цагаан сарын бэлэгнээс үлдсэн Стюардесснаас нэг ширхэгийг сугалж, жорлонд оров. Үнэ хямд Стюардессыг шуналтайяа сорон уушиглахад танил дотно үнэр сэтгэл зүрхийг бүчин авч, олон жилийн өмнө есдүгээр ангид байхдаа намар цагт яг ингэж энэ Стюардесс тамхийг ааваасаа хулгайлан жорлондоо татдаг байсан, найзууддаа зөөн хувааж, эцэг эхийн энхрийлэл хайранд жаргаж байсан хүүхэд насны мартагдсан өдөр хоногууд нүднээ зурайн харагдав. Хаврын сартай үдшээр ангийнхаа охинд сэтгэл алдарч, гэрт нь очиж уулзаад буцахдаа оргилсон сэтгэлээ энэ л тамхиар тайтгаруулан аргаддаг байж. Бүтэлгүй хайранд согтсон тэр мөч хормуудад энэ тамхины хурц үнэр мэдрэл цочроон ухааруулж, сайн сайхан бүхэн зуурдын гэдгийг мэдрүүлж байсан аж. Зад цохиулсан хөмсөгнөөс урсах цусаа ааваасаа нуух гэж оролдохдоо, энэ тамхийг няцлан түрхсэн байна. Аавын тамхийг хулгайлж татаж байхдаа айхын ихээр айж, гэвч айвал бүү хий гэсэн үгийг өөрийн үйлдлээр амсаж үзсэн байна.
Хэрсүүжиж ухаарах насанд минь намайг өчүүхэн ч гэсэн дэмнэлцсэн тамхийг татаж дуусгаад орон дээрээ очиж суулаа. Цагаан сараар хөгшчүүлийн бэлэглэсэн Стюардесс тамхинууд шүүгээнд хэвтэж байна. Тэр тамхи төдийгүй гэрийн бүх юм аавыг минь тодхон санагдуулна. Аавын номнууд, ханын шүүгээ, ор, нарийн хивс, цэцэг, арслантай авдар харагдана. Зурагт, хуучны мебель ширээ, хоёр сандал, зургийн жаазнууд цоо шинэ мэт гялтайна. Харин аав минь алга. Ор нь онгойн харлаж, тэр орны бүтээлэгний хуниас бүхэн над руу гунигтайгаар ширтэн харах мэт, хүүгээ мөн ч их хүлээсэн шүү гэж шивнэх мэт санагдана.
Найзуудтайгаа уулзаж шөнөжин архидан согтуурхаж, солиорсны эцэст үүрээр бүрзийж арзайсан дотортой амьтан таксинд суун эргэж ирэхгүй өнгөрсөн үеэсээ хагацан Улаанбаатарын зүг хөдөлж, яах нь мэдэгдэхгүй бүрхэг ирээдүйн зүг хар хурдаар нь давхиуллаа.
Улаанбаатар
2009 оны 3 дугаар сар 12

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: