
Цас лавшран орсоор... Цав цагаан тэнгэрээс унах цав цагаан цасан ширхэг цав цагаан цонхттой цагаан байшингуудыг нэвсийтэл дарж, цан хүүрэг татаж цагаан болсон хүмүүс яаруу алхаагаар гэр гэрийн зүг яарсаар өвлийн богино өдрийн наран хэвийх үест цав цагаан талын дунд байх цав цагаан бяцхан хотын гудамж эл хуль болов. Хар нэхий, хар ноосон малгай өмссөн бяцхан хүү оройтож гарсан сургуулиасаа алхсаар гэрийн зүг эзгүй гудамжаар орон явж байна. Эзгүй гудамжны төгсгөлд түүний эзгүй гэр хүлээж буй. Хорвоо дээр цорын ганц түшиг тулгуур болсон ахыгаа хичнээн дуудавч одоо эргэж ирэхгүй болжээ. Бяцхан хүүгийн мөрөн дээр түүний амьдрал шиг хүнд цагаан цас даран орсоор байх аж. Даарч бээрсэн гараараа төмөр хашлаганаас барин түр саатав. Энэ хашлагыг даван найзуудтайгаа зуны тал руу гүйн эрвээхэй хөөн тоглож байгаад оройтож ахыгаа айлгасан нь санагдана. Ах нь тэгэхэд сартай шөнө цэлгэр талд гар чийдэн бариад түүнийг хайн дуудан гүйж билээ. Гэтэл бяцхан хүү талд гал тавьж тоглож байгаад алдаж, тэр галын гэрлээр ах нь тэднийг олж ирж, гал руу орж хүүг тэдний найзуудынх нь хамтаар аварчээ. Хүүгийн нүдэнд уурласан, баярласан зэрэгцсэн ахын харц байн байн үзэгдэнэ. Тэр явдлаас хойш удалгүй өвөл болоход ахыгаа эргэж ирэлгүйгээр одсоныг арай гэж ойлгов. Галд түлэгдэж удаан хэвтэрт байсан ах нь бяцхан хүүг нэг л өдөр хичээл тараад гэртээ ирэхэд тэнгэрт одсон байв. Поошигтой уснаас авч гал дээр цай тавих гэж байгаад шарх нь үгдэрч данхаа тас атгаастайгаа алсын алсыг зорьсон байжээ. Бяцхан хүү гэрийнхээ зүг алхсаар. Цав цагаан тэнгэрээс орох цав цагаан цас цав цагаан талын дунд орших цав цагаан хотын байшингуудыг нэвсийтэл дарж, хав хар цэг мэт бяцхан хүү эцэс төгсгөлгүй мэт урт гудамжаар сараалжин хашлага түшин алхана. Түүний гэрийн үүдэнд өнчиний сургуулийнхан анх ухаан орсон жижигхэн байшинг нь, түлээ хөрөөддөг суурийг нь, усанд дугаарладаг худгийг нь, даарахаараа галладаг зуухыг нь, ханандаа өлгөсөн аавынх нь үлдээсэн бурханыг нь, түүнд буй ядмаг бүхнийг сургуулийн дотуур байр, усан хоол, битүү айдсаар солихоор, бяцхан хүүгийн аав ээж, ах, эгч, өвөө, эмээг орлохоор ирсэн байв. Хүнд цас орсоор л... Магадгүй, энэ цас хэзээ нэгэн цагт зогсож, урин цаг ирж, наран төөнөж, бяцхан хөвгүүд тал руу ахин гарч хөгжин шуугилдах ч юм бил үү.

Сэтгэгдэлүүд:
Сэтгэгдэл үлдээх: